Танд энэхүү Монголдоо төдийгүй дэлхийн амин судас болсон Сэлэнгэ мөрөн хэрхэн бойжиж буйг харуулах боломжийг олгож байгаадаа таатай байна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дэвсгэр, Олон голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн буй болж Байгаль нуурын усны 60 гаруй хувийг бүрдүүлдэг билээ. Улмаар Байгал нуураас Ангар мөрөн, цаашлаад Енисей мөрнөөр дамжин Хойд Мөсөн далайд цутгана.
Үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн таван голын бэлчирээр мориор аялаж нэгэн өдрийг амьд байгалийн анирт дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж.
Европ загварын өргөн суулттай эмээл, чадварлаг агтчин таны аяллын хөтөч байх болно.
Болор мэт цэвэр тунгалаг Дэлгэрмөрөний хөвөөгөөр каяак завиар аялал хийн усны урсгалыг харан алжаал ядаргаагаа тайлангаа адал явдлыг мэдрэх боломж.
Нэг зүйлийг танд сонирхуулахад хүн 3-4 цаг каяакдахад 1600ккал өөх тос шатаадаг байна.
Идэрийн голд цутгадаг Бүгдгээний голын цутгал хэсэг, хүний хөл хүрээгүй Монгол орны хамгийн өндөр хадан хясаануудын төлөөлөл болсон газартай танилцах бүтэн өдрийн аялал.
Таван гол жуулчны баазын үйлчилгээний баг таны аяллын тохь тухыг бүрэн ханган ажиллах болно.
Их хотын чимээ шуугианаас хол, үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн анир чимээгүй тайван орчинд зөвхөн өөртөө цагийг зориулах боломж.
Сэлэнгэ мөрөн: нь монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал нийт урт 20000 км хүрнэ. Монгол орны нийт гол мөрдийн уртын 40 орчим хувийг эзэлнэ. Дэлгэр мөрөн, Идэрийн гол, Бүгсийн голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эх болдог.
Дэлгэрмөрөн: Хөвсгөл аймгийн гадаргын уснаас Дэлгэрмөрөн хамгийн том нь бөгөөд сумын ус хангамжинд шууд утгаараа бус ч газрын доорх усны тэжээл болохын хувьд хамгийн чухал объект болдог. Сав газрын эх ихээхэн хэрчигдэлтэй, адагтаа тэгш намхавтар уулсын дундуур урсана. Голын эхээр ойт хээр, адгаар хээрийн ургамал зонхилно.
Идэрийн гол: Хангайн нуруунаас эх авч Булнай, Тарвагатайн нуруунуудын хоорондох нилээн давчуу хөндийгөөр урсана. Идэрийн гол уулын гол учир ширүүн урсгалтай байдаг. Идэрийн голд 30 гаруй гол горхи цутгадагаас хамгийн том нь Чулуут гол болно.
Бүгсэйн гол: Булнайн нуруунаас эх авч 120 гаруй км замыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг.
Чулуут гол: Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.
Өдөр 1 – Танилцах аялал
Өглөөний цайны дараа баазын талаарх товч мэдээллийг өгөх бөгөөд хүүхдүүдэд зориулсан “аяллын тэмдэглэл” хэрхэн хөтлөх тухай богино хэмжээний сургалт, хичээлийг заана. Үүний дараа морин аялал маань эхлэх бөгөөд баазын эргэн тойрны сонирхолтой газруудтай танилцах явцдаа харзны усаар морио усалж, Цагаан овоон дээр гарч Эрчмийн нурууны төгсгөл, Булнайн нурууны эх болон Бүгсэй, Дэлгэрмөрөний бэлчиртэй танилцана. Морьдууд маань бүгд европ загварын эмээлтэй тул амрагчдыг ая тухтай аялах боломжийг бүрэн хангахын сацуу хүсвэл хамгаалалтын малгай болон гутлын түрий өмсөх боломжтой. Аяллын зай 6 км. Өдрийн хоолоо баазын ресторанд зооглонгоо “Гараг Студи”-ээс хийсэн баримтат киног үзэж Төмөрбулаг сумын эргэн тойрны байгалийн онцлог болон нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, уламжлалтай танилцахаас гадна Идэрийн цутгалан-бүтэн өдрийн аяллын талаарх мэдээллийг уг нэвтрүүлэг танд мөн өгөх болно. Явган аяллын цаг. Бэлчрийн дөрөлж болон Идэр голын дагуух Улаан хясаан дээр гарч дурсгалын зургаа авахуулна. Аяллын зай 5 км бөгөөд аяллын төгсгөлд Олон голын бэлчрийн ширэг дээр тусгайлан зассан оройн хоолны ширээ та бүхнийг хүлээж байх болно.Өдөр 2 – Цутгалан аялал
Энэхүү аялал маань бүтэн өдрийн аялал бөгөөд баазаас нэг талдаа 45км зайтай ба 2 цаг машинаар явна. Аяллын замдаа Хангайн нурууны өндөр, хэц даваануудыг давахаас гадна Монгол орны нэгэн нууцлаг газартай танилцах сонирхолтой аялал байх болно. Зураг авахад хамгийн тохиромжтой аялал тул та аппаратаа мартав. Зорьсон газартаа хүрсний дараа үйлчилгээний баг хээрийн хоолны бүх бэлтгэлийг ханган ажиллах тул та байгалийн анир чимээнд өдрийн хоолоо амтархан зооглож, аян замын алжаалаа тайлна. Уг аяллын хамгийн сонирхолтой хэсэг нь Идэрийн цутгалангийн хясаа, түүний эргэн тойрны байгалийн үзэсгэлэнт тогтоцтой танилцах явган аялал юм. Аяллын зай 2 км. Үүний дараа бид баазруугаа буцах бөгөөд амтат оройн хоол биднийг хүлээж байх болно.Өдөр 3 – Монгол ахуй, соёл
Амрагчид хөтөч, тайлбарлагчийн зааврын дагуу 5 ханатай монгол гэрээ барих бөгөөд хүсвэл барьсан гэрээ тохижуулж хоноглох боломжтой. Мөн барьсан гэртээ шагай шүүрэх, няслах, морь уралдуулах зэрэг олон төрлийн шагайн наадгайгаар тоглон цагийг зугаатай өнгөрүүлнэ. Томчууд, хүүхдүүд үндэсний сур харваагаар цэц мэргэнээ сорьж цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна элсний хөл бөмбөг, волейбол болон элсэн дээр чаргаар гулгах боломжтой тул таны гэр бүлийн мартагдашгүй нэгэн дурсамж бий болно гэдэгт итгэлтэй байна. Мөн байгальтайгаа ойрхон байх, танин мэдэхүйн зорилгоор хүүхдэд зориулсан загас барих дадлага бүхий амралтын арга хэмжээ энэ өдөр зохион байгуулагдах бөгөөд байгаль орчиндоо ээлтэй байж барьсан загасаа буцаан тавина. Харин үдшийн бүрийд амрагчид хүсвэл тусгайлан зассан талбай дээр, түүдэг галын илчинд амралтынхаа тухай зугаатай яриа өрнүүлэн аяллын тэмдэглэлээ бусдадаа хуваалцаж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Учир нь энэ орой бүрэн автомат систем бүхий хүчирхэг дурангаар оддын ертөнцөөр аялах сонирхолтой хөтөлбөр хүлээж байгаа.Өдөр 4 – Усан аялал
Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Идэр голоор моторт завиар аялах бөгөөд зөвхөн моторт завины аяллаар та Олон голын бэлчрийн байгалийн тэрхүү онцлог, өвөрмөц тогтоцтой танилцах боломжтой юм. Хоёр моторт завиар нэг ээлждээ тав, таван хүн буюу 10 хүн нэгэн зэрэг аялах боломжтой. Бүх зорчигчдыг аврах хантаазаар хангахаас гадна аюулгүйн зааварчилгааг танилцуулснаар аялал маань эхэлнэ. Тус аяллаар та өвөрмөц зургийн цуглуулгаар дурсамжийн зургийн сангаа арвижуулна гэдэгт итгэлтэй байна. Каяак завины аялал маань хоёр хэсгээс бүрдэх бөгөөд анх удаа аялах гэж буй амрагчдад зориулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон дадлага сургуулилтыг баазын ойролцоо Дэлгэрмөрөн голын салаанд, тогтуун урсгалтай хэсэгт зохион байгуулна. Харин үндсэн каяак завины аялал маань Хөвсгөлийн их тайгаас эх аван урсах Дэлгэрмөрөн голын дагуу 5-8 км аялна. Байгалийн анир, чимээ, өвөрмөц тогтоц болон нутгийн иргэдийн аж байдал танд сэтгэлийн их амар амгаланг мэдрүүлэх бөгөөд байгальтайгаа хамгийн ойр мэдрэмжийг та уг аяллаар авах болно. Усан аяллын төгсгөлд өдрийн хоолоо баазын ресторанд зооглох бөгөөд түүний дараа малчин айлд зочилж ямаа сааж сурахаас гадна бяслаг, цагаан идээг хийх явцтай танилцаж, хүсвэл өөрсдийн гараар хийж үзэх боломжтой.Тэмдэглэл
Амралтын хөтөлбөрийн өдөр, дараалал болон хийх зүйлсийг амрагчид өөрсдийн сонирхолд нийцүүлэн урьдчилсан захиалгаар өөрчлөх бүрэн боломжтой. Мөн тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдлаас хамааран хөтөлбөрийн арга хэмжээнд өөрчлөлт хийгдэж болно.БЗД, Энхтайваны өргөн чөлөө-46,
Улаанбаатар-13381
(976) 7015 - 8002
(976) 7015 - 8006
info@fiverivers.mn